ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠤ ᠱᠠᠰᠢᠨᠲᠠᠨ ᠤ ᠲᠦᠪ ᠭᠠᠩᠳᠠᠩᠲᠡᢉᠴᠡᠩᠯᠢᠩ ᢈᠡᠢᠢᠳ ᠤᠨ ᠳᠡᠷᢉᠡᠳᠡᢈᠢ
logo
ᠦᠨᠳᠦᠷ ᢉᠡᢉᠡᢉᠡᠨ ᠵᠠᠨᠠᠪᠠᠵᠠᠷ ᠤᠨ ᠨᠡᠷᠡᠮᠵᠢᠲᠤ ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠨ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠤ ᠱᠠᠰᠢᠨ ᠤ ᠳᠡᢉᠡᠳᠤ ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ

Сайт шинэчлэгдэж байна...

Нүүр хуудасБидний тухай Танилцуулга

Танилцуулга

Монголд дэлгэрэн хөгжиж байсан Бурханы шашны дацан сургуулиуд нь эртний Энэтхэг, цаст Төвд орны номын мэргэдийн гүн ухааны дацан сургуулиас үүсэлтэй. 2500 гаруй жилийн тэртээ Энэтхэгт Бурхан багш заларч гүн дэлгэр, агуу их номоо гурвантаа айлдсан юм. Бурхан багшийн сургаал номлолыг Энэтхэгийн мэргэн бандида, шидийг олсон их бүтээлчин нар Наландарийн Их сургуульд дэлгэрүүлж хөгжүүлж ирсэн түүхтэй. Эртний Энэтхэгийн Наландарийн Их сургуулиас 6 чимэг 2 манлай гэж алдаршсан 8 их бандида Бурхан багшийн үндэслэсэн Гүн ухааны гол номлолуудыг задлан тайлбарлаж гүн ухааны 5 ботийн үндэс тайлбаруудыг зохиосон байна. Буддын Гүн ухаантан Их сэтгэгч Дармакирди, Ловончоглон нар учир шалтгааны гүн ухааны үндэс тайлбар болох "Намдэл заваа", "Цадма до" номуудыг зохиож гаргасан юм. Энэтхэгийн Их бандида Аръяа Асангаа рид хувилгаанаар Дүштийн оронд морилж Майдрын гэгээнээр Майдрын 5 ном гэж алдаршсан "Жамчой дэнааг" номлуулж хүмүүний оронд залж ирсэн юм. Майдрын таван номын нэг болох "Илт онохуйн чимэг" нь Билигбарамидын гүн ухааны үндэс болсон юм.Гүн ухаантан их сэтгэгч Нагаржуна, Аръяадэва нар хоосон чанарын гүн ухааны үндэс тайлбар болсон "Зава шийрэв" (Билгийн үндэс)" Төв үзлийн дөрвөн зуун шүлэгт" хэмээх номыг тус тус айлдсан нь хоосон чанарын гүн ухааны гол номлолууд болсон юм.Авидармын гүн ухааны үндэс тайлбарыг гүн ухаантан Васүванд айлдсан. Винайн гүн ухааны үндэс тайлбаруудыг Энэтхэгийн гүн ухаантан Ловон Ёндон-Од, Ловон Шагжаа-Од нар айлдан зохиосон юм. Эдгээр Энэтхэгийн найман их бандида нар нь Буддын гүн ухааны таван ботийн номын үндэс тайлбаруудыг гаргаж өгсөн гавьяатай. Эдгээр гүн ухааны номуудыг санскрит, пали хэлээр Наландарын Их сургуульд үзэн судалж байжээ.

Наландарын Их сургууль нь Буддын гүн ухаанаас гадна бусад эрдэм ухааныг үзэн судалж байв. Буддын гүн ухааны үндэс тайлбар номуудыг эрдэмтэн Төвөдийн мэргэд төвд хэлээр орчуулж судалж байсан юм. Ялангуяа XIV зууны үед Төвөдийн Богд Зонхав түүний шавь нар төвөдөд Буддынгүнухааны дацан сургуулиудыг байгуулж Энэтхэгийн их 8 бандидагийн өмнө өгүүлсэн судар номуудын утга учрыг тайлж хэлэлцэх дацангууд бий болсон юм. Богд Зонхава Төвдөд Гандан хийдийг үндэслэсний дээр түүний дотны шавь Жамчинцорж Шагшаа-Иш, Жамъянцорж Дашбалдан нар Сэра, Барайвүн хийдүүдийг тус тус байгуулсан. Гүн ухааны чойрын дээрх 3 дацангуудын игчаа сурах бичгийг Төвдийн гүн ухаантан Сэра Жэвзүнба, Ванчин Содномдагва, Гүнчи Жамъян Шадбийдорж нар зохиож гаргасан юм.Төвдийн дээрх гурван игчааны сургуулиудын уламжлалаар Монголын Их хүрээнд Дашчойнпэл дацан, Гунгаачойлин дацан, Идгаа чойнзинлин дацан удаа дараа үүсэн байгуулагдсан байна. Энэ дацангууд нь XVIII-XX зууны эхэн үед Их хүрээний шашны гурван их сургууль гэж гадаад дотоодын эрдэмтэн мэргэдийн дунд алдаршиж байсан юм.

Энэтхэгийн Наландарийн хийдийн дээрх уламжлал Төвдөөр дамжин Монгол газар үлэмж дэлгэрч байсны жишээ нь Их хүрээний Гурван дацангаас төрж гарсан олон номын мэргэдийг дурьдаж болох юм.Дээрх гүн ухааны эрдэм мэдлэгийг эзэмшсэн гэвш мэргэд 1950, 1960, 1970 -аад онуудад Гандантэгчинлэн хийдэд хурцгааж байв. Тийм ч учраас Гандан хийдийн дэргэдэх Шашны Их Сургууль, гүн ухааны дацангууд үүссэн түүхтэй юм.1944 оны 06-р сарын 22-ны өдөр Гандантэгчэнлин хийдийг дахин сэргээж мөргөлийн дуган нэртэйгээр хурал номоо эхлэхэд анхны хурлын дун бүрээг Их Хүрээний анги Дашчойнбэл дацангийн гэвш Бат-Очир, Дагважанцан нар үлээж хурлаа хурсан түүхтэй. 1950-аад оны эхээр Гандантэгчэнлин хийдийн захиргааны тэргүүлэгчид хуралдаж Эрдэм Соёлын ангийг хамба лам гавж Н.Эрдэнэпэл, гавж Данзан-Одсэр, гэвш Лхамаажав, Иштавхай нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ном судар орчуулах, судалгаа шинжилгээний ажлын эхлэл тавигдсан юм. Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Шашны хэрэг эрхлэх төлөөлөгч Дэнзэнванжил 1958 оны 04-р сарын 08-нд Намын Төв Хороонд хандсан илтгэх хуудсандаа: "Төв, хөдөөгийн сүм хийдийн лам нараас 20-иос доошгүй идэр насны лам нарыг сонгон авч хурал номын ажлаас чөлөөлж төвийн Гандан хийдийг түшиглүүлэн шашны институт сургуулийг байгуулж Төвд, Монгол эрдэмтэн лам нарын зохиол болох 20 шахам мянган боть төвд хэл дээрх ном судрыг судлах, орчуулах ер нь шашны талаар гадаадтай харилцах төрийн бодлого бүхий боловсон хүчнийг бэлтгэх нь чухал мэт санагдна. Энэ ажилд одоогоор эрдэм боловсролтой зарим хүмүүсийг оролцуулах нь зүйтэй байна" гэж бичиж байв. Энэ үгнээс харахад Шашны сургуулийг байгуулах талаар дээд дарга нарын сонорт хүрч байсан нь тодорхой байна.1960-аад оны дундуур Оросын Монголч эрдэмтэн Николай Рерих Монгол улсад айлчлахдаа Гандан хийдийн хамба лам С.Гомбожав болон Шинжлэх Ухааны Академын эрдэмтэн Ц.Дамдинсүрэн нарын зэрэг хүмүүстэй уулзахдаа Гандан хийдийн лам нар нэлээд өндөр настай болсоныг харгалзаж шинэ залуу лам нарыг сургах сургууль байгуулах саналыг гаргаж байсан байна. 1967 онд Зөвлөлт Холбоот Улсын Засгийн Газрын дэргэдэх Шашны Хэрэг Эрхлэх Газрын урилгаар Шашны төлөөлөгч Г.Дамбийням гуайтай хамт явсан Ш.Агвааны тэмдэглэлд:

"...Москвад яриа хэлэлцээгээ дуусгах үед Шашны Зөвлөлийн дарга Куроедовын санал болгосон гол зүйл нь манай хоёр орон адилхан Буддын шашны байгууллагатай болохоор лам хуврагуудыг сургаж бэлтгэх шаардлагыг харгалзан Буддын шашны сургуулийг Улаанбаатарт Гандан хийдийг түшиглүүлэн байгуулж Буриадын лам нарыг тэнд сургах саналыг илэрхийлж байв. Хамтран ажиллахыг хүссэн Дамбийням гуай энэ саналыг хоёр талын аль алинд нь ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлэхийн хамт энэ асуудлыг судлан боловсруулж Засгийн Газарт уламжлан мэдүүлж нааштай шийдвэр гаргахад өөрийн зүгээс хүч чармайлт гаргахаа тэмдэглэн хэлсэн нь нөхдийн анхаарлыг илтэд татаж байсан. Айлчлал дуусч буцаж ирсэний дараа хамба лам Гомбожав гуайтай уулзаж дээрх саналын талаар танилцуулан ярилцахад хамба лам сэтгэл ханамжтай байсаны дээр энэ талаар урьд нь хоёр ламтан Гомбоев, Гомбожав хоёр ярилцсан нь тодорхой мэдэгдэж байсан. Буриадын бандида Хамба лам Гомбоев 1965 онд Гандан хийдийн урилгаар ирж Гомбожав хамба ламтай Улаанбаатарт Шашны Дээд Сургууль байгуулахталаар ярилцсан гэдэг" юм.1970 оны 3-р сарын 09-ний өдөр МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны тогтоол гарч Буддын шашны боловсролтой хүмүүс бэлдэх сургуулийг 6 жилийн хугацаатайгаар Гандан хийдийн дэргэд байгуулахыг СнЗ-ийн дэргэдэх Шашны хэрэг эрхлэх зөвлөлд даалгасан байна. Ингэж дээд газрын тогтоол шийдвэрийн дагуу 1970 оны 7-р сарын 31-нд Гандан хийдийн захиргааны өргөтгөсөн хурлаар Бурханы шашны ном цээжлэх, буддын гүн ухаан болон бусад эрдэм ухааныг судлах зорилгоор бурханы сургаал номын дагуу явахаа илэрхийлж өргөдөл гаргасан хүмүүсээс элсэлтийн шалгалтын дүнг харгалзан элсүүлэхийг зөвшөөрч шийдсэн байна.

МБШТөв Гандантэгчэнлин хийд
Улаанбаатар-38, 16040
МОНГОЛ УЛС

УТАС, ФАКС: 976-11-360164
И-мэйл: office@zbu.mn

Copyright © ZBU of Mongolia
/Undur Gegeen Zanabazar Buddhist University of Mongolia at Gandantegchenling Monastery/

"МЯНГАН МУТАРТ" ТББ-д бүтээв